Цагааннуур тосгоны товч түүх

       Цагааннуур нь анх 1925 онд Дөрвөд зүүн аймгийн Бат ерөөлт  төгс хүлэг Далай ханы хошууны нэрийг Төгс буянт хан уулын хошуу хэмээн нэрийдэж тус хошууны таван суманд нэгдүгээрт Баянмөрөн, хоёрдугаарт Баянзүрх уул, гуравдугаар Баянхайрхан уул, дөрөвдүгээрт Эрдэнэхайрхан уул,тавдугаарт Эрдэнэ уулын сум хэмээн тус тус нэрийдэж байгуулагдаж  байсан ба 1938 онд Ховд аймгийн харьяанд Цагааннуур сум болж нэр нь өөрчлөгдөж байсан. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдах үед анхны 10 сумын нэг байсан юм.  1952 онд Цагааннуур сумын 4,5,6,8,10,11дүгээр багаар Ногооннуур сумыг байгуулжээ. 1963 онд Цагааннуур сум татан буугдаж, зарим хэсэг нь Ногооннуур суманд харьяалагдаж, улдсэн нь Цагааннуурын дамжлага баазыг түшиглэсэн Цагааннуур хороо болжээ. 1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор Цагааннуур хороог татан буулгаж, Ногооннуур суманд нэгтгэж, Цагааннуур нь тосгоны статустай болсон юм. Одоогийн Цагааннуур тосгоны хилийн дээс,зарим газар нутгийг БНМАУ-ын СнЗ-ийн 1962 оны 231, Баян-өлгий аймгийн АДХГЗ-ны 1987 оны 40 дугээр тогтоолоор тус тус тогтоосон нь эдүгээ хүчин төгөлдөр хэвээр байна. Цагааннуур хороо нь 108.9 кв.км эдэлбэр газартай байсан бөгөөд 1994 онд УИХ-ын шийдвэрийн дагуу Ногооннуур сумын ИТХ-ын тогтоолоор тосгонд 36000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Цагааннуур тосгон нь газар зүйн байрлалын хувьд Монгол Алтайн уулархаг мужид оршдог бөгөөд баруун, хойд талаараа ОХУ, зүүн өмнө талаараа Улаанхус, Ногооннуур сумдтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1583 км.Өлгий хотоос 70 км зайтай, далайн түвшнээс дээш 2115 м өндөрт оршдог. Эхэннуур, Дунднуур, Адагнуур, Цагааннуур гэсэн нууруудаас өөр гадаргын ус байхгүй.Цагааннуур нь мөнх цэвдгийн, гадагш урсгалтай, цэнгэг устай нуур юм.Газар нутгийн хэмжээгээр бага ч жилийн 4 улиралд тосгоны 21000 гаруй толгой мал, мөн хил залгаа 3 сумын мал зусч, өвөлжин онд ордог, бэлчээр ус нь талхлагдаагүй, тачир боловч хиаг, ерхөг, согоовор, хялгана, агь, дэрс, ботууль зэрэг өвс ургамал хослон ургасан үржил шим сайтай нутаг юм. Цагааннуурт хавар, зун, намар улирлын чанартай урсах Хойлог, Бураатын гол цутгадаг.Уулсаараа янгир, аргаль, тарвага, үнэг, чоно, туулай гэх мэт ан амьтад, хойлог, шонхор, ангир, хун, галуу зэрэг шувуудтай .Байгалийн нөөцийн хувьд сайн судлагдаагүй, цаг уур нь аймгийн дундаж үзүүлэлттэйижил. Түүхийн эх сурвалжаас үзвэл Цагааннуурын Хойлогийн өргөн ширэг хэмээх газарт Ц.Хасбаатар, К. К.Байкалов нарын захирсан Монгол-Оросын цэргийн штаб 1921 оны 5-8 дугаар сард байрлан хил хязгаарыг тохинуулах үйл ажиллагаа явуулж байсан бол үүнээс өмнө Оросын худалдааны нэгэн суурин байрлаж, олон жил худалдаа наймаа эрхэлж байжээ. Мөн оны хавар Баруун хязгаарын Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газар Мөстөөс энэ газарт шилжин ирж ажиллаж байсан түухтэй. Цагааннуур сум (хороо) ньтөр, засгаас засаг захиргааны нэгжийг хөгжүүлэх талаар авч явуулсан бодлогын үр дүнд тууштай хөгжлийн замд орж, тус улсын баруун хязгаарын хилийн нэгэн боомтын түшиц газар болжээ. Тус хорооны Цагааннуур дамжлага баазыг түшиглэн Худалдаа бэлтгэлийн анги, банк, АТШБ товчоо, холбоо, сургууль, цэцэрлэг, хүний их эмчийн салбар, эмийн сан, клуб, номын сан зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын байгууллагууд үүсч, тэдгээрийг түшиглэн төр, захиргаа, нам, олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж иржээ. Өнөөгийн Цагааннуур тосгон нь Ногооннуур сумын нутагт 9 дугээр баг болон бие дааж, баг тосгон статустай, 12 нэгж байгууллага бухий 310 гаруй ажиллагсадтай, байнгын оршин суугч  хүн ам 1766, түр оршин суугч 200 гаруй нийт 1966 хүн амтай, 403 гаруй өрх, 29177 гаруй толгой малтай үйл ажиллагаагаа явуулж байна.Энх цагийн алдартнууд Цагааннуур сумаас төр, нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн алдартнууд, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарчээ.Ардын хувьсгалын партизан Т.Алаг, О.Аюуш, З.Бямба-Иш, Н.Жамхүү, Б.Тогтох, О.Хаш, Т.Хөх, Оразбай нар болон Халхголын чөлөөлөх байлдаанд А.Авирмэд, Г.Бадам нарын олон хүн оролцжээ     

                Нэг. Хөгжлийн өнөөгийн байдал

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон нь газар зүйн хувьд Алтайн уулархаг мужийн “Б” тойрогт багтах ба нийслэл Улаанбаатар хотоос 1700 км, аймгийн төв болох Өлгий хотоос баруун хойш 69 км, одоогийн харьяалагдаж буй Ногооннуур сумаас 50 км, хиллэж буй зэргэлдээ Улаанхус сумаас 70 км, Бугат сумаас 68 км оршдог. Оршин буй талбай нь Ногооннуур сумын нутаг дэвсгэр бөгөөд далайн түвшнээс 2115 метрт, Цагааннуурын баруун хойд эргээс баруун тийш 500 метрт байрладаг. Уур амьсгалын мужлалаар сэрүүвтэр зунтай, чийглэг уур амьсгалтай, өвөлдөө -25-28 хэм, хамгийн дулаан температур +14+25 хэм, салхины дундаж хурд 3-8 м/сек. Цагааннуур нь анх 1930 онд Ховд аймгийн Эрдэнэ-Хайрхан сумын харьяанд байсан ба 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдах үед анхны 10 сумын нэг байсан. 1959 онд Баян-Өлгий аймагт сумдын хил тогтоох Засгийн Газрын Отряд ба аймгийн комисс нь Цагааннуур сумын бүх нутаг дэвсгэрийг 280054,7 га үүнд хадлангийн 233 га, тариалангийн талбай 5 га, бэлчээр 278093,7 га, ус нуур 968 га-гаар тогтоосон байна. Түүнээс хойш Засаг захиргааны хувьд биеэ даасан хорооны статустайгаар зохион байгуулагдаж Монгол Улсын баруун хязгаарыг өргөн хэрэглээний бараа, материал, түүхий эд, шатах тослох материалаар хангах үүрэг бүхий Дамжлага бааз мөн Нефть Хангамжийн газарт түшиглэн улсын экспорт, импортын үүргийг гүйцэтгэж байв. 1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор Ногооннуур сумын харьяа багийн статустай тосгон болон үйл ажиллагаа явуулж байна.

Хоёр. Нийгэм эдийн засгийн байдал.

Захирагчийн алба, Дунд сургууль,Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Шатахууны нөөцийн салбар, ХЦ-ийн 0285 дугаар анги, Цагааннуур Худалдааны чөлөөт бүсийн Худалдаа үйлчилгээний тасаг, Холбоо мэдээллийн салбар, ХААН болон Төрийн банкны тооцооны төв зэрэг улсын төсвийн болон аж ахуйн байгууллагууд ажиллаж байна. Тус тосгоны харьяа Улаанбайшинтын боомтонд цэргийн застав, Шалган нэвтрүүлэх боомт, Гаалийн салбар, Хүүхдийн цэцэрлэг, Холбоо мэдээллийн салбар, Мэргэжлийн хяналтын алба, Хүний бага эмчийн салбар зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Хилийн цэргийн анги нь 5 заставтайгаар Алтайн таван богдоос Асгат хүртэлх ОХУ-тай хиллэдэг газар нутгийг хариуцан хамгаалж байна. Цагааннуур тосгоны шинэ төв 1985-1990 онд баригдсан. Үүнд 300 хүүхдийн багтаамжтай 2 давхар барилгатай дунд сургууль, 80 хүүхдийн дотуур байр, 75 хүүхдийн ясли цэцэрлэг, 15 ортой их эмчийн салбар, 340 суудал бүхий 2 давхар Соёлын төв, банк, холбооны салбар, халуун ус, зочид буудал, 3500 м2 талбай бүхий барааны агуулах-контор, 6000 м3 багтаамжтай нефтийн агуулах контор, дизель станц, уурын зуух, аж ахуйн складын хамт баригдсан юм. 2005 онд Улаанбайшинтад 3 тэрбум төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоноглолтой 20 гаруй обьекттэй Хил гаалийн боомтын цогцолбор, мөн тэнд 20 айлын орон сууц, холбооны барилга, ХЦ-ийн застав, гэрээт цэргийн байр баригдаж Цагааннуурын төвөөс 30 км 10 квт-ын өндөр хүчдэлийн шугам татагдлаа. Мөн Цагааннуур тосгонд 708,4 га-д нэг тэрбум төгрөгийн өртөгтэй Худалдааны чөлөөт бүсийн хашаа барьж байгуулав.

Гурав. Мал аж ахуй, газар тариалан

Цагааннуур тосгон нь гадаад дотоодын худалдаа эрхлэн явуулж байсан ба мал аж ахуйн нэгдэлгүй, мал хувьчилж аваагүй, ажилчин гаралтай болохоор малын тоо харьцангуй цөөн энэ жил 19420 толгой мал тоолуулжээ. Цаашид үйлдвэрлэл худалдаа хөгжихийн хирээр малын тоо толгой ихээхэн өсөх хандлагатай байна. Цагааннуурын газар нутаг нь мал аж ахуй эрхлэх боломжтой ба одоо зэргэлдээ Бугат, Улаанхус, Ногооннуур сумын малчид зусаж, намаржиж, хаваржиж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар эрчимтэй мал аж ахуй эрхлэхээр төлөвлөгджээ. Газар тариалангийн хувьд төмс, чөлөөт бүсийн талбайд чацаргана бага зэрэг тариалж байгаа ба хүлэмжээр хүнсний ногоо тариалж эхэлж байна.

Дөрөв. Дэд бүтэц Дулаан хангамж:

Цагааннуур тосгон нь Нэгдсэн халаалтын  системд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдсон ба тосгоны төсөвт 5 байгууллага нэгдсэн халаалтын системд холбогдсон харин Айлууд нь бүгд энгийн зуухаар халдаг. Түлшний гол эх үүсвэр нь нүүрс, 100 км холоос татдаг Хотгорын нүүрст уурхай юм.

Цахилгаан хангамж: Өлгий хотоос Цагааннуур-Улаанбайшинтын хилийн боомтын чиглэлд 35/10 кв-800 квт-ын цахилгаан шугам, мөн Цагааннуур-Ногооннуур- Бөхмөрөн чиглэлд 20/10 квт- н 55 км цахилгаан шугам тавигдсан юм. Усан хангамж: Цагааннуурт оршин суугч иргэн, аж ахуйн байгууллагыг усаар бүрэн хангах боломжтой нөөц байгааг судалгаагаар тогтоогдсон. Одоо Цагааннуур тосгонд 500 м зайд 40 м гүнтэй гүн өрмийн худаг байгаа ба энэ худгаас айл болон албан байгууллагууд усны хэрэгцээгээ хангадаг. Мөн мал ундаалахаар энгийн 2-4 уурхайн худаг байгаа ба 1 км зайд цэвэр ундны булаг шанд мөн цэнгэг устай 5 нуур 1-4 км зайд оршдог. Хавар зун намрын цагт Ширэг, Бураат зэрэг жижиг голууд урсаж Цагааннуурт цутгадаг. Улаанбайшинтынхан 180 м-ээс гарсан артизан худгаас ундны усны хэрэглээг хангадаг. Цагааннуурын нуур нь урсгал устай ба Ногооннуур сумын Ачит нуурт цутгадаг. Зам тээвэр: Өлгий хотоос Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд хатуу хучилттай 70 км зам тавигдаж ашиглантанд орсон. Цаашид БНХУлс болон ОХУ-ыг холбосон Улаан-уулын зам Цагааннуур тосгоны дайрч өнгөрнө.

Асгатын мөнгөний орд ашиглалтанд орвол Улаанбайшинт- Цагааннуур-Улаангомын зам тавигдах хэтийн төлөвтэй ба мөн Өлгий-Цагааннуур-Улаанбайшинтын төмөр зам тавихаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагджээ. Холбоо мэдээлэл: Мобиком, Жи-мобайл, Юнителийн хөдөлгөөнт холбооны сүлжээнд 2008 онд холбогдож, интернет үйлчилгээ нэвтэрч байна. Хуучин Өлгий-Цагааннуур-Улаанбайшинт холбосон өнгөт 100 км утсан холбоо мөн Цагааннуур-Ногооннуурыг холбосон 50 км утсан холбоотой юм. Монголын 5 суваг болон Казахстаны теле суваг үздэг. Монголын радиог сонсохоос гадна Өлгийн 1 цагийн үндэсний радиог хүлээн авч сонсдог. Шуудангийн тасагтай, дуртай хэвлэлээ захиалан уншиж мэдээлэл авах боломжтой юм.

Сард 2 удаа Казахстан улсын Олон улсын автобус Улаанбайшинтад ирж зорчигч тээвэрлэдэг ба Казахстан улс, ОХУ-аас тус боомтоор өргөн хэрэглээний бараа болон бензин шатахуун оруулж байна.

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 2115 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулархаг мужийн “Б” тойрогт, геоморфологийн хувьд Цагааннуурын баруун хойд эргээс баруун тийш 500 м-т нуурын хөндийд байрладаг.

 

 

2022-10-10
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС